Sunday, October 18, 2009

Хөөрхөн хүүхэн Монголчуудыг санасан гэв үү

Хөөрхөн хүүхэн Монголчуудыг санасан гэв үү
Холливудын алдарт жүжигчин Жулиа Робертс Монголд дахин ирэх сурагтай. "Хөөрхөн хүүхэн" киногоороо танил болсон авьяаслаг жүжигчин маань арваад жилийн өмнө Монголд ирж байсан удаатай.

Тэрбээр тухайн үед өөрийг нь хүлээж авсан эрхмүүдэд үнэтэй буудал, тансаг хүлээн авалт бус хөдөөгийн эгэл бор амьдралыг сонирхож байгаагаа хэлсэн гэдэг. Энэ ч утгаараа хөдөө орон нутгийг зорьж, малчин айлд тухалсан нь олон хүнд таалагдсан. Түүний Монголд өнгөрүүлсэн зугаатай аялал, сонирхолтой ярилцлагаар хийсэн баримтат кино хүртэл үзэгчдийн хүртээл болсон гэдгийг уншигчид маань мартаагүй биз ээ.

Тэгвэл эх орондоо очоод гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлээд амжсан үзэсгэлэнт бүсгүй маань дахин Монголд ирэх хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Энэ удаад нөхөр Даниэль Модер болон ихэр хүүхдийнхээ хамт ирэхээр төлөвлөсөн бөгөөд байгалийн сайхан газруудад амарч тухлахыг хүсч байгаа гэнэ.

УИХ-ын нөхөн сонгуулийн ирц муу байна

УИХ-ын нөхөн сонгуулийн ирц муу байна

УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 хэсгийн хороонд үргэлжилж байна.

17.00 цагийн байдлаар нөхөн сонгуульд санал өгсөн иргэдийн ирц 41,6 хувьтай байгаа юм.

Энэ нь УИХ-ын 2008 оны сонгуулийн 24 дүүргийн тойргийн санал хураалтын ирцтэй харьцуулахад 5,1 хувиар бага байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн сонгуулийн санал хураалтын өдрийн 17.00 цагт Чингэлтэй дүүргийн иргэдийн 46,7 хувь нь сонгуульд оролцоод байжээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд санал өгөх 71719 хүн нэрсийн жагсаалтад бичигдээд байна.

Одоогийн байдлаар 23 хэсгийн хорооноос 2, 3, 4, 6, 14 гэсэн хороодод сонгогчдын саналын ирц 50 хувьд хүрээд байгаа аж.

Мөн нөхөн сонгуулиар сонгогчийн үнэмлэх тараагдаагүй гэсэн гомдол иргэдээс их ирж байгаа аж.

Энэ талаар тойргийн хорооноос тодруулахад “нийт хэсгийн хороодууд санал өгөх иргэдийн 90 дээш хувьд нь сонгогчийн үнэмлэх тараасан. Нэрсийн жагсаалтад орсон хэрнээ сонгогчийн үнэмлэхээ авч чадаагүй иргэд санал өгөх байранд иргэний үнэмлэхтэйгээ ирээд нэрээ шүүлгээд үнэмлэхээ аван санал өгөх боломжтой” гэлээ.