Thursday, December 10, 2009

Хоёр байгууллагын үл ойлголцлоос болж хүүхдүүд хохирох ёсгүй

Хоёр байгууллагын үл ойлголцлоос болж хүүхдүүд хохирох ёсгүй
А хүрээний H1N1 томуугийн улмаас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж бага ангийнхан, цэцэрлэгийн багачууд “албандаа” орсон. Манай сурвалжлах хэсэг ариутгал, халдваргүйжүүлэлт ямар байгааг газар дээрээс нь сурвалжилсан юм.

Баянгол дүүргийн 73-р сургуулиар ороход тус сургуулийн хамт олон  дотоод нөөц бололцоогоо ашиглаж “автомакс” буюу шүршигч худалдан авч хлорамины уусмалаар бүх анги танхимаа халдваргүйжүүлж байлаа.  НЭМГ-аас өгсөн гар ариутгагч бодис хангалттай байгаа, өдөрт хүүхдүүд  2-3 удаа  гараа ариутгадаг гэв.

Мөн сод, давсны уусмалаар сурагчдынхаа амны хөндий, хоолойг зайлуулдаг. Хоолой зайлагч шүршигчийг мөн өөрсдөө худалдан авсан гэдгээ захирал Ч.Чанцал хэллээ. Харин амны хаалт зүүсэн хүүхэд ховорхон харагдсан. Эрүүл мэндийн долдугаар төвөөс  гурван ээлжийн амны хаалт хэрэглэж чадахгүй байгаа нөхцөлд нэг амны хаалт  удаан хугацаагаар битгий зүүлгэ гэдэг зөвлөмж өгчээ. Сурагчдын дунд тандалт хийж өдөр бүр халууныг нь хэмждэг.  Хэрэв хичээлдээ ирээгүй тохиолдолд хурдан шуурхай эцэг, эхтэй нь холбоо барьж ямар шалтгаанаар ирээгүйг нь тодруулдаг гэж байв. Анги танхимаа кварцын гэрлээр ариутгасан байгаагаа ч дурдав. Эдний сургуулийн бага ангийнхан үдийн хоол иддэг болсноос хойш анги бүрт нь  гар угаагууртай болжээ.

Мөн сургуулийн эмч сурагчдад халдварт өвчнөөс өөрийгөө яаж урьдчилан сэргийлэх талаар 15 минутын сургалт явуулдаг болсон  зэрэг олон ажил санаачлан хийж байгаагаа дурдав. 480 хүүхдийн хүчин чадалтай тус сургуульд одоо мянга гаруй сурагч хичээллэдэг ажээ.

Дараа нь бид Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийг зорив.
Тэдний үүдээр ороход гутлын хлорамины уусмалаар ариутгасан арчуур, хаалганы бариулаа ариутгаж ороосон ороолт ч харагдсангүй. Бага ангийн сурагчид тарж байх үеэр таарч  хэсэг хүүхэдтэй уулзлаа. Тэднээс гараа ариутгагч шингэнээр цэвэрлэж байгаа юу гэж асуухад ихэнх нь мэдэхгүй байлаа. Үдийн цайгаар ямар унд уусныг нь лавлахад нэг хүү сүүтэй цай, боов, нэг охин  молокотой талх гэлээ. Хайж байж бага ангийн менежер М.Нарангэрэлийг олж уулзаад танайх үдийн цайндаа хүүхдүүдэд молокотой талх өгдөг юмуу, бага ангийн хүүхдүүд гар ариутгагчийг ерөөсөө мэдэхгүй байна гэтэл, бага ангийнхны үдийн цайнд гурван өдөр нь  халуун хоол өгдөг. Үдийн цайгаа 10 минутад уудаг байсан бол одоо 20 минут болсон. Яагаад гэвэл гараа сайтар цэвэрлэж байгаа учраас хугацаа уртассан. Харин хоёр өдөр нь “Өгөөж”-ийн  боов, аарц өгдөг. Бага ангийн хүүхдүүд чинь ийм юмаар гараа ариутгасан уу, ийм хоол идсэн үү гэж харуулж байж асуухгүй бол буруу зөрүү ярина шүү дээ гэв.

Бид цааш  Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Төмөр замын гэх тодотголтой 5 дугаар цэцэрлэгээр орлоо.

Тус цэцэрлэгийн хүүхдүүдийн зарим эцэг, эхээс анги танхим маш хүйтэн байна гэдэг гомдол гарсан юм. Цэцэрлэгийн эрхлэгч Л.Янжмаатай уулзаж, халаалт, дулаан жигдэрсэн эд үед яагаад цэцэрлэгийн зарим анги халахгүй байгааг тодруулав.

-Тэрбээр манай цэцэрлэгийн 12 бүлэгт 282 хүүхэд хүмүүждэг. Халаалт доголдолтой  байгаа нь үнэн. Доор нэг анги, дээд давхарт дөрвөн анги 10-11 хэмтэй, бусад анги нь 18 хэмтэй байгаа гэлээ. Манай цэцэрлэгийн халаалт дулааны асуудлыг “Ганга өргөө” компани хариуцдаг. Тэдэнд хэлсэн боловч одоогоор ирээгүй л байна гэв. Цэцэрлэгийн  багачууд амны хаалт хэрэглэж чаддаггүй гэнэ. Өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглаж ариутгалын бодис худалдан авч халдваргүйжүүлэлт хийдэг. Харин нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газраас гар ариутгагч “санитол”, өрөө тасалгаа халдваргүйжүүлэх кварцын гэрэл, ариутгах бодис зэргийг цэцэрлэгүүдэд тараасан гэсэн. Манай цэцэрлэгийг Төмөр замын удирдах газарт харьяалагддаг гээд өгдөггүй гэлээ.

Төмөр замын удирдах газрын харьяа 27 цэцэрлэг байдаг. Уг цэцэрлэгүүдэд нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газраас тараадаг ариутгалын бодис, халдваргүйжүүлэх аппарат, гар ариутгагч нэг ширхэгийг ч өгөөгүй.

Мөн одоо болтол халаалт нь жигдрээгүй цэцэрлэг байгааг дуулгахаар манай сурвалжлах хэсэг Төмөр замын хүүхдийн байгууллагын хэлтсийг зорьж арга зүйч Х.Баттөртэй уулзлаа.

Тэрбээр “Төмөр замын харьяа цэцэрлэгүүд төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Зөвхөн байгууллагын өөрийн дотоод татаасаас санхүүждэг. Эрүүл мэндийн халдвар хамгааллын талаар тарааж байгаа элдэв зүйлээс манай харьяа цэцэрлэгүүдийг ялгачихдаг.

Миний бодлоор Монгол Улсын иргэдийн хүүхдийг ялгаварлаж болохгүй байх гэж бодох юм. Төрөөс цэцэрлэгийн хоолны мөнгийг чөлөөлсөн. Гэтэл манай төмөр замын харьяа цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд хоолны мөнгөний 20-30 хувийг төлдөг. Үлдсэн хувийг Төмөр замын удирдах газар төлдөг юм. Харин бид БСШУЯ-д хандаж, хөөцөлдөж байж  27 цэцэрлэгийн 3400 гаруй хүүхдийн хувьсах зардлыг авах гэж байгаа. Уг нь  гар ариутгагч бодис, өрөө тасалгаа ариутгах техник тоног төхөөрөмжийг хүмүүсийн эрүүл мэндийг бодоод харьяа дүүргийн эрүүл мэндийн газар нь ялгаварлалгүй өгчихөд яахав дээ” хэмээн гомдоллосон юм. Төмөр замын удирдах газраас цэцэрлэгүүдэд халдвар хамгааллын бодис, аппарат тоног төхөөрөмж авч өгөх нь байтугай эдийн засгийн хямралтай, төсөв санхүү хүрэлцэхгүй байгаа гэдэг. Тавдугаар цэцэрлэгийн халаалтын асуудлыг “Ганга өргөө” орон сууцны компани хариуцдаг. Дээрх компанид хандахад халаалт жигд өгч байгаа гэдэг. Миний бодлоор энэ компани жигд халаалтаа өгч чадахгүй байна гэж бодож байна гэлээ.

Бид хүйтэн ангид хөрч даарч буй хүүхдүүдийн асуудлыг түргэн шийдвэрлүүлэхээр «Ганга өргөө» ХХК-ийг зорив. Тус компанийн захирал Ш.Содномцэрэнгээс цэцэрлэгийн халаалт доголдож байгаа шалтгааныг тодрууллаа.

-Тэрбээр тавдугаар  цэцэрлэгийн халаалт доголдож байгаа гэсэн гомдол сонсоогүй. Есдүгээр сарын 15-нд бүх газрын дулааныг өгсөн гэв. Манай компанид төмөр замын гурван цэцэрлэг харьяалагддаг одоогоор бидэнд таны яриад байгаа гомдол ерөөсөө ирээгүй гээд хавьтуулахгүй байв.  Яах ч  аргагүй бид тавдугаар цэцэрлэгээр ороод паарыг нь хүртэл барьж үзлээ. Доод давхрын нэг анги, хоёрдугаар давхарт байрлах дөрвөн ангийн дулаан дөнгөж 10, 11 хэмтэй байна. Биеэрээ үзэж ирээд танд хандаж байна гэдгээ учирлав.

Халаалт жигд өгөөд байхад нэг хэсэг нь 18, нэг хэсэг нь 10 хэм гэж юу яриад байгаа юм бэ? Бид халаалтаа өгдөг журмаараа өгсөн. Бусад эвдрэл доголдлыг манайх  хариуцдаггүй. Төмөр замын хоёрдугаар анги хариуцдаг гэж бас нэг газар руу бухав. Ус дулаан дамжуулах наймдугаар төвд дулааны шугам сүлжээний газраас ирж байгаа даралтын зөрүү найман метр байх ёстой. Сүүлийн жилд 1-2 метр байгаа юм. Үүнтэй холбоотой байж болох юм. Цэцэрлэг 10, 11 хэмтэй байна гэдэгт итгэхгүй байна. Одоо би та нарын хажууд ерөнхий инженертэйгээ яриад газар дээр нь очиж үзүүлье гэв.

Бид эргээд Тавдугаар цэцэрлэгийг зорив. Ерөнхий инженер нь хариуцсан слесариудтайгаа хамт ирсэн байлаа. Тус цэцэрлэгийн доод талын ерөнхий халаалт дамжуулдаг  узелийг хэмжихэд хэвийн халаалттай мөртлөө зарим ангид халаалт бүрэн очихгүй байгааг  паараа угаагаагүй учраас битүүрсэн гэдэг онош тавилаа.

“Ганга өргөө” компанийн ерөнхий инженер С.Бум-Аюушаас мэргэжлийн хүний хувьд тус цэцэрлэгийн халаалт яагаад доголдож байгааг тодруулахад “Манай төвөөс өгч байгаа дулаан хэвийн байна. Бусад тохируулгыг эрчим хүчний хуулиараа цэцэрлэгийн эрхлэгч хариуцах ёстой. Жил бүр манай байгууллага бусад үйлчлүүлэгчидтэйгээ шинэчилсэн гэрээ хийдэг. Эдний цэцэрлэг манай байгууллагатай одоо болтол гэрээ хийгээгүй байгаа. 170-аад аж ахуйн нэгжтэй бид гэрээний дагуу харилцаж үйл ажиллагаа явуулдаг. Шинэчилсэн гэрээгээ хурдан хийчихвэл бид мэргэжлийн талаас шаардлагатай бүхий л туслалцаа үзүүлэхэд бэлэн гэв.

Ийнхүү хоёр байгууллага гэрээ хийсэн, хийгээгүй гэж нэлээд  маргалдсаны эцэст дахин шинэчилсэн гэрээ яаралтай хийж халаалтын доголдлыг арилгахаар тохиролцоонд хүрэв.

Бид ч энэ цэцэрлэгийн халаалт хэвийн болсон эсэхийг эргэн сурвалжлах болно.

Ийнхүү нэг өдрийн сурвалжлага  амжилттай болж хоёр байгууллагыг хооронд нь уулзуулж бие биеэ ойлгохгүй маргалдаад байсан асуудлыг нааштай шийдвэрлүүлэх болсондоо баяртай байна. Тун удахгүй тавдугаар цэцэрлэгийн хүүхдүүд дулаан ангид, хөнгөн нимгэн хувцастай тоглож наадах биз ээ.

Сурвалжлага хийх явцад ажиглагдсан нэг зүйл бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлтийг улам чангатгаж, Монголын хууль гурав хоног гэсэн шиг буцаад цалгар назгай байдал үргэлжлэх вий гэдэг эмзэглэл төрж явлаа. Урьд нь ахлах ангийн сурагчдын хичээл эхэлснийг сурвалжлахаар очиход хлорамины үнэр ханхалж гутлын ариутгасан бодисоор норгож, хаалганы бариулаа хүртэл ариутгалын бодистой самбайгаар ороон сурагчид хоёр цаг тутамд амны хаалтаа сольж зүүгээд хэвшсэн байсан. Харин одоо байдал илт суларсан нь ажиглагдлаа. Амны хаалт зүүсэн хүүхэд орсон сургууль бүрт маш цөөн харагдсан.

No comments:

Post a Comment