Thursday, December 10, 2009

Хятад пуужингаас хамгаалах “цагаан хэрэм” барьж байна

Хятад улс арваннэгдүгээр сард Шинжаан-Уйгурын автономит мужийн баруун хэсэгт баллистик пуужинг илрүүлэх радиолокацийн станцыг барьж дуусгалаа. Энэ байгууламжийн зургийг интернэтэд байрлуулсан байна. Хятадууд ийм станц барьж байгаагаа хэзээ ч хэлж сануулж байгаагүй нь асар их сэжиг төрүүлж байна. Цэргийн зарим шинжээчийн таамаглаж буйгаар Шинжаанд гарч ирсэн станц нь юуны түрүүнд Америкийн хиймэл дагуулыг устгах системээр тоноглогдсон байж магадгүй байна.


Нөгөө хэсэг нь уг станц пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн (ПЭХС) нэг хэсэг, Оросын баллистик пуужингийн довтолгоог илрүүлэх зорилготой хэмээн үзэх болов. Аль нь илүү үнэн бэ. Хятадад ийм байгууламж ямар хэрэгтэй юм бол. "Хятад улс өөрийн гэсэн пуужингаас хамгаалах системтэй дэлхийн гурав дахь хүчирхэг гүрэн болж буй нь тодорхой байна. Үүний өмнө хятадууд хиймэл дагуулаа сансарт хөөргөсөн. Тэр нь хөрш орнуудын нутгаас харваж буй пуужингийн тухай мэдээллийг радиолокацийн станцдаа дамжуулж байх бололтой" хэмээн Цэрэг, улс төрийн шинжилгээний хүрээлэнгийн захирал А.Цыганок өгүүлэв. Дундад улс ийм системтэй болсон нь Орост аюул заналхийлэл учруулж буй нь ойлгомжтой.

Орос улс Алс Дорнодын хилээ ихээхэн хүчээр батлан хамгаалдаг бол баруун хил нь тийм биш. Нөгөө талаас, Бээжингийн удирдлага хойд хөршөө "дайсан" гэж шууд ярьдаггүй ч сэтгэл түгшээх зарим баримт байгаа юм. Хятадад олон зуун мянган хувиар хэвлэгдэн гардаг номонд "Оросууд өмнө нь Дундад улсад харъяалагдаж байсан газар нутгийг шударга бус гэрээ хэлэлцээний явцад булааж авсан" гэж бичсэн байдаг. Тодруулбал энэ нь XVII зууны Нерчинскийн гэрээг ярьж байгаа хэрэг.

Хятадын сурах бичгүүдэд Хятад улс Баруун Сибирь хүртэл газар нутагтай байсан гэж бичснийг олонтаа харж болно. Энэ нь Орос, Казахстаныг бүхэлд нь залгина гэсэн үг. Цэргийн хүчний хувьд ч хятадууд давуу талтай. Орос нэг сая гаруй цэрэгтэй бол, Хятад 2.5 сая цэрэгтэй. Техник хэрэгслээрээ ч мөдхөн давамгайлах бололтой. Шинжаанд шинэ станц баригдсан нь үүний нэг баталгаа. Бээжин 10-15 жилийн дотор шинэ пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байгуулна гэж байгаа.

Хятадуудын радиолакоцын шинэ систем нь олон зорилготой байхыг үгүйсгэхгүй. Хөрш Афганистан дахь самуунт байдал Бээжинг үргэлж зовоосоор ирсэн юм. АНУ болон НАТО-гийн хүчин Афган нутгийг мөд орхих бодолгүй байгаа нь энэ зовнилийг улам нэмэгдүүлж байна. АНУ-ын Баруун Европт байрлуулсан хүчний ихэнх хэсэг нь ЗХУ-ын эсрэг чиглэж байсан бол, Америк Хятадын хил орчимд хүчээ төвлөрүүлэх үзэгдэл сүүлийн 15 жилийн турш болж байна. Нөгөө талаас Афганы дайны дөл халд-варласан Пакистан ч Бээжинг түгшээж байгаа юм.

Талибууд Пакистаны стратегийн зэвсэглэл байдаг газарт 40-50 км дөхөж очжээ. Исламабадын цөмийн зэвсэг лалуудын гарт орвол Шинжаан дахь лалууд ч оодорч магадгүй хэмээн үзэж байна. Үүний хажуугаар хагас зууны өмнө байлдаж явсан туршлагатай, цөмийн зэвсэгтэй Энэтхэг улс Америкуудтай дотносон хүзүү сээрээ холбох болсон нь Хятадад сайн мэдээ биш билээ.

Эдүгээ Төв болон Өмнөд Азид хил хязгаар, нэр нөлөөний талбарыг хуваарилах үйл явц өрнөж байна. Бүс нутгийн хамгийн нөлөө бүхий орны нэг Хятад үүний гадна үлдэхгүй нь ойлгомжтой. Тиймээс Дундад улс орчин үеийн зэвсэглэл бүтээж санаархлаа илэрхийлэхэд гайхах зүйлгүй юм.

No comments:

Post a Comment